|
|
| Сэтгүүлчдэд “Улаан гэр ба сурвалжлагч” гэсэн үнэмлэх олгодог байжээ |
20-р зууны эхээр Монголын тэргүүний дэвшилт гэгээрүүлэгч, эрдэмтэн мэргэдийн санаачлан гаргаж байсан тогтмол хэвлэл-сонин сэтгүүл, мэдээллүүд нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, харийн түрэмгийлэгчдийн эсрэг эх орноо хамгаалан босч байсан ард түмний баатарлаг тэмцэл, 1921 оны ардчилсан хувьсгалын үзэл санаатай амин холбоотой. Тухайн үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага, хувьсгалын үйл ажиллагааг туйлд нь хүргэн, бурангуй ёс, хоцрогдлыг хурц зоримог шүүмжлэн улс орноо гэгээрүүлэн хөгжүүлэхэд хэвлэлийн ач тус, үүрэг, байр суурь асар их байлаа.
Тийм хэвлэлүүд гэвэл; Монгол, хаант оросын гадаад яамдын гэрээний дагуу 1913 онд хэвлэгдсэн анхны дэвшилт тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүл. Эхлээд 30-40 хуудастай ном маягаар, дараа нь 6-10 нүүрээр сонин хэлбэртэй гарч сэтгүүлийн загварт шилжжээ. Эхний нэг жил хагас орчимд хорин дугаар гарч нийгэм, улс төр, эдийн засаг, уран зохиол, уран сайхны түгээмэл сэтгүүл болжээ. “Шинэ толийн” дараа 1915 онд хэвлэгдсэн “Нийслэл хүрээний сонин бичиг” нь Монголын анхны бие даасан сонин байв.
Тогтмол хэвлэлийн хоёр хэлбэр сонин, сэтгүүл ингэж бий болов. “Нийслэл хүрээний сонин бичиг” нь хэлбэр загвар, хийц маяг, хэвлэлт үзэмжийн талаар төвхнөн “Шинэ толийн” туршлагаас суралцан хэвлэгдэж байлаа.
Сонины агуулга бичлэгийн хүрээ далайц ч зүгширч нийгмийн амьдралыг тал бүрээс тусган, алив хоцрогдол бурангуй ёсыг хурцаар шүүмжлэн, эх орны хөгжил дэвшлийг талархан сурталчилж, шуурхай, дайчин давшингуй чанарыг дээдлэн өөрийн олон арван дугаараараа цаашдын гарах сонинуудад үлгэр дууриал болсоор иржээ.
Дараа нь 1920 онд хилийн чанад эрхүү хотноо Монгол зөвлөлтийн хувьсгалчид, сэтгүүлчид “Монголын үнэн” сонинг хэвлэн өөрийн оронд нууцаар оруулж байжээ. “Монголын үнэн”-ийг Магсаржавын журамт цэрэг Чойбалсан, Щетинкин нарын хамтран зүтгэгч байсан Л.Мягмар нарын партизанууд Жалханцын хүрээний сангийн үүд, Алтанзааны пүүсийн хаалга, Ховдын сангийн хэрэм зэрэг газарт нааж байжээ.
“Монголын үнэн” -ий зарим дугаар нь гадаадад хүртэл гарч байв. Хэвлэлийн төлөө их анхаарч Цэвээн Жамсрано, Ц.Дамбадорж нар Эрхүү, Дээд Шивээ хотноо оросын хэвлэлийн туршлага судлан, Б.Данзан хэвлэлийн хороонд ажиллан тэд их хичээл зүтгэл гаргасан байна.
Цэвээн Жамсрано “Шинэ толь” сэтгүүлийг санаачлан, Ц.Дамбадорж “Монгол ардын нам” сэтгүүлийг хариуцан анхны эрхлэгчдээр нь ажиллаж байсан аж.
“Шинэ толь”-д гэрэл зураг гэж юу байдгийг анх патиардан хэвлэж, түүнийг үзэх гэж хүмүүс бөөн инээдэм шуугиан болж сонирхдог байжээ.
Тэрээр 1921 онд намд элсэн хиагтад холбоочноор ажиллан, Монголын хувьсгалчдын нууц харилцааг дамжуулж байхдаа хувьсгалчдын болон журамт цэргийн анхны ялалтын тухай “Анхны ялалт” гэсэн сурвалжлагыг “Монголын үнэн” сонинд байлдааны галын дунд сурвалжлан нийтлүүлжээ.
Нам коминтернид олон давхар хариуцлагатай өндөр тушаалын ажил хашиж байхдаа 1921 онд баруун хязгаарт цагаантны эсрэг тэмцлийг зохион байгуулалцан “Толбо нуур” нийтлэл тууж болон “Капитал” зэрэг бүтээлүүд (зарим зохиол нь “Улаан оторч” гэсэн нууц нэрээр гарч байв) туурвисан аж.
Ц.Дамбадорж, Цэвээн Жамсрано нар монголын тогтмол хэвлэлийг үүсгэн төлөвшүүлэхэд асар их нөлөөлж, сэтгүүл зүйн эх суурийг тавилцсан, тал бүрийн өндөр боловсролтой сэтгүүлч дипломатчид байв. Дамбадорж хэвлэлийн талын бүх ажлыг хариуцан түүнд хамаг эрдэм мэдлэг, авъяасаа зориулж байжээ.
… Сонин сэтгүүлийг тусгай эрхлэх хүн байхгүй, бүгдийг арга буюу би ганцаараа хийж байна. Том жижиг ямар нэг зүйлийг над руу түлхэж байна (Дамбадоржийн гэрийн архивын гар бичмэл, дурсамжаас)
… Нөхөр маань тун ажилсаг, зоригтой сайхан эр байсан. Тэр хэцүү үед ажил гээд л алга болчихно. Гэртээ ирэх нь тун ховор … (гэргий Нацаг)
… Аавын бичсэн, цуглуулсан юм гэж тоймгүй их. Би эмхэлж шүүж, судлаж хэвлүүлэх бодолтой байгаа (Хүү Абмад)
Хувьсгалын анхны жилүүд дэх улс орны хөгжлийн болон гадаад дотоодийн байдал хүнд хэцүү, баруунтан зүүнтний асуудал хурцаар тавигдсан тэр үед намаас хэвлэлийг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Үүний үрээр тогтмол хэвлэлийн тоо нэмэгдэн олон мянган хувиар хэвлэгдэн, нэр хүнд нь дээшилж байв.
Тэр үед гарч байсан сонин сэтгүүлүүдийн зарим нь одоо ч нийтлэгдсээр байна. Нам, Үйлдвэрчин, Залуучууд зэрэг байгууллагын сонин сэтгүүлийг бий болгон хэвлүүлэхэд коминтерн профинтерний монгол дахь төлөөлөгч Симонов, Нацов, Амгаа нарын хүмүүс туслан зарим хэвлэлийг эрхлэн гаргаж хэв загвар, өнгө үзэмж, хийц чанарыг сайжруулах бичлэгийн ур чадвар, төрөл зүйг эзэмшихэд тэд зөвлөн хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байлаа.
“Монголын үнэн” сонины хувьсгалч дайчин уламжлалыг үргэлжлүүлэн хувьсгалын дуу хоолойг болон гарсан намын төв хэвлэл “Үнэн” сонин нь үйл ажлаараа бүх хэвлэлүүдэд үлгэр дууриал болсоор байлаа.
Хэвлэлийнхээ үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохын тул зөвлөлтийн хэвлэлийн туршлагаас суралцахыг чухалчилж, бүр 20-иод оны дундууур “Правда”, “Труд” зэрэг сониныг захиалан, зарим сонирхолтой материалыг орчуулан нийтэлдэг байжээ.
Бас сонин сэтгүүлийн редакцууд хэвлэлээ харилцан солилцож, нэг нэгнээсэээ сурч хамтран ажилладаг байсан нь хэвлэлийн бүхий л ажилд үр дүнгээ өгсөөр иржээ.
Нийгмийн өмнө тулгамдсан зарим чухал асуудлыг шийдвэрлэхэд байгууллагууд хамтран хэвлэлээрээ дамжуулан үйл ажлаа явуулдаг уламжлалтай байв.
Улс орны гадаад байдал түгшүүртэй байсан 30-аад оны үед ард түмнийг цэрэгжүүлэх талаар НТХ, үйлдвэрчин, залуучуудын байгууллагыг төлөөлж Бадрах, Лхүмбэ, Дорж нарын хамтран гаргасан уриалгад … Улаан гэр, улаан буланд ном дэвтэр сонин сэтгүүлийг байнга байлгаж, тарааж долоон хоног бүр ханын сонин гарган бичсэн зүйлийг бичиг үл мэдэгчдэд нам, үйлдвэрчин, залуучуудын гишүүн сурагчдаар чанга дуудуулж сонсгон “Дайны аюулыг жигшин, улсаа хамгаалахыг сурталчилбаас зохино” гэж бичсэн нь хэвлэлийн мөр болгон ямар их үнэтэй, мөр болгоныг сонсож мэдсэн байх ёстойг өгүүлжээ.
Хожим 1923 онд монгол орос хэвлэлийн газар сурган боловсруулах хэлтэсээс эрхлэн нийгэм улс төрийн хэвлэл “Нийслэл хүрээний сонинг”, “Заря”, “Ургинская газета”, “Известия Уланбатор хот” гэж гадаадын уншигчдад зориулан орос хэл дээр гаргаж байсан нь сонины ач холбогдол, нэр хүндийг улам дээшлүүлжээ.
1921 оноос “Хураангуй сэтгүүл”жил гаруй хугацаанд дөрвөн нүүрээр хэвлэгдэн гарч байжээ.
1923 оны сүүлээр хэвлэгдсэн “Монгол ардын нам” сэтгүүл “Нийгэм журмын зам” “Монгол ардын намын байгууллага”, “Монгол ардын хувьсгалт намын байгуулалт”, “Намын байгуулалт” хожим “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлтэй нэгдэж “Намын амьдрал” нэрээр гарчээ.
1924 оны “Ардын эрх” сонин, мөн энэ онд “Ардын цэрэг” сонин зэрэг тогтмол хэвлэл, мэдээлэл товхимолууд хэвлэгджээ. Эдгээр хэвлэл асар нэр хүндтэй олны сонирхолыг татдаг байв.
Нэг хэсэг НТХ, засгийн газар, сурган боловсруулах хэлтсийн (Ардын армийн улс төрийн ажлыг эрхэлсэн хэлтэс) хамтран гаргаж байсан. “Нийслэл хүрээний сонин” гэхэд нийтлэлийн цар хүрээ нь маш өргөн, далайцтай, олны эрэлт хүсэлтийг тусгасан түүнд бичиж нийтлэгдсэн зүйлийг уншиж мэдэх гэж хүмүүс олноороо хол ойроос цугларан бичиг мэддэг хүнээр чанга дуудуулан сонсдог байсан аж.
Хэвлэлүүд өргөн олон уншигч захиалагчтай болохын тул зах зээл, гадаадын байгууллага, хүмүүс, аймаг, хошууд хүн олонтой газар тав арван мөнгө, төлөг борлонгоор гүйлгэн борлуулж, элчин консулуудаар тараадаг байсан аж.
Тэрчилэн 1924 онд “Монгол ардын номын сан” болон сурталчлах хуудас, дэвтэр, цахилгаан мэдээний мэдээлэл, товхимолуудыг гаргаж байв.
Олон түмний улс төр, шинжлэх ухааны мэдлэг үзэл суртлын хүмүүжлийг дээшлүүлэхэд зориулан 1924 онд НТХ-ны дэргэд “Намын цэнгэлдэх хүрээлэн” байгуулан ажиллуулсан зэрэг нь монголд үндэсний хэвлэлийн мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчид төрөн төлөвших, сэтгүүл зүй хөгжихөд гол хүчин зүйл болжээ.
Намын төв хэвлэл “Үнэн” сониноос гадна 1920 оны сүүлээр залуучууд, эмэгтэйчүүд үйлдвэрчний зэрэг олон нийтийн байгууллагын хэвлэл-сонин сэтгүүл бие даан гарах болжээ.
Зөвхөн үйлдвэрчний эвлэл гэхэд л “Бүх монголын улаан үйлдвэрчин” сэтгүүл, “Ажилчны зам” (Хятад ажилчдад зориулан хятад хэл дээр), “Улаан үйлдвэрчний зам”, “Ажилчны соёлын зам”, “Монгол ажилчны зам”, зэрэг сонин сэтгүүлүүдийг хэвлэн гаргаж байв.
Анхны тогтмол хэвлэлээс аваад 30-аад оны хооронд намаас хэвлэлийг хөгжүүлэх талаар онцгой анхаарч арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд тогтмол хэвлэлийн тоо өсч, хэвлэлийн үйлдвэр, мэргэжлийн ажилчидтай болж, хэвлзлийн чанар үзэмж, агуулга сайжран үсрэнгүй амжилтанд хүрчээ.
Ингэснээр олон түмний бичиг үсэг сурах, соёлжин гэгээрэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ертөнцийг харах үүд хаалгыг нээж өгсөн юм.
Хэвлэлд Навааннамжилын “Бядан явагч бялзуухай миний өгүүлэл” цуврал, “Баруун замын байлдаан”, Лувсанвандангийн орчуулгууд, Ринчингийн “Шар хувалз” зэрэг, хөдөөний Пэрлээгийн хөдөөгөөс бичсэн олон шүлэг, Жамсрано-гийн “Орчлон ертөнцийн байдал”, Дамбадоржийн “Толбо нуур” нийтлэл тууж, “Капитал”, Буяннэмэхийн(Нэмэх, Цэцэгбилэгт нууц нэр) цогтой шүлэг, өгүүллүүд. Үйлдвэрчний Бор шувуу хэмээх бага Дамдинсүрэн, Лхүмбэ баруунтан Баярын сонин сэтгүүлийн материалууд, зэрэг бүтээлүүд нийтлэгдэж гар дамжин уншигдаж байлаа.
Тэдний бичлэгийн шинэ хэв загвар, ур чадвар, арга барил нь эхлэн бичигчдэд үлгэр дууриал үзүүлж ажилчин албан хаагч, малчин, лам хуврагууд хүртэл дуртай сэдвээрээ хэвлэлд бичиж нийтлүүлдэг, түүнд хориг саад байдаггүй байв.
Тэгэхдээ нүдээр үзэж биеэр мэдэрсэн, түмэнд тус болох, үл зохилдох мунхаг дутагдалтай тэмцэх зарчмыг баримталж, хэнийг ч айхгүй зоримог шүүмжилдэг нь тэр үеийн хэвлэлийн нэг онцлог байв.
Эхлэн бичигчид голдуу шүүмжлэлийн жижиг мэдээг “Хэвлэгч”, “Сэтгүүл”, “Уурхайчин”, “Сонсогч”, “Хянагч”, “Нүд”, “Чих”, “Хонх”, “Дуран”, “Мөндөр” гэсэн нууц нэрээр бичих нь олонтаа.
Ер нь тэр үедээ л гэхэд идэвхтэн бичигчдийн хөдөлгөөн өрнөж, материал нь нийтлэгдвэл тэд 5, 10, 20 мөнгө, бал, хорын харандаа, дэвтэр, голио чихрээр шагнуулдаг, үүнд нь их урамшдаг байжээ.
Аймгуудад сонин сэтгүүл, ном дэвтэр, товхимолуудыг олон мянган хувиар хэвлэн хүргүүлж, захиалагчидтай болсоор байв.
Ингэж тогтмол хэвлэл үүсч хөгжин хэвлэлийн редакци, сэтгүүл зүйн байгууллага бий болж, үүрэг роль нь нэмэгдэн, мэргэжлийн ажилчид, үйлдвэр технологийн баазтай болж байв.
Сонин хэвлэлд идэвхтэн, сонин сурвалжлагч, сурвалжлага, хожим сэтгүүлч, сэтгүүл зүй гэсэн үгүүд хэрэглэгдэж эхэлсэн байна.
Ийнхүү эхлэл суурь нь тавигдан хөгжиж ирсэн манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл 30-аад он гэхэд шинэ шатанд гарч нийгмийн нөлөө бүхий хүчин “…Ард түмэн, нам засаг хоёрын хооронд харилцагч хэл үг… Хувьсгалын онол ухааныг ард түмэнд нэвтрүүлэн мэдрүүлэгч хамгийн найдвартай сайн ухуулагч…” болсоор иржээ. (Лувсаншарав, НТХ-ны нарийн бичгийн дарга агсан)
Янз бүрийн салбар хэвлэлтэй болж идэвхтэн бичигчдийн хөдөлгөөн ернөн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн хороо, хэвлэлийн үүрүүд, түүний гишүүд мэргэжлийн ажилчдын эгнээ өргөжин бэхжихэд нам үйлдвэрчин, эвлэлийн байгууллагын удирдлага, боловсрол гэгээрлийн хэлтсээс санаачлан Ардын хувьсгалын 10 жилийн ойг угтан сэтгүүлчдийн байгууллагын анхны том чуулга, хэвлэлийн зөвлөлийн анхдугаар бага хурлыг 1931 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо, үйлдвэрчний хэмээх жижиг давхар байшинд хуралдуулжээ.Хуралд Бадрах, Дамбадорж, Лхүмбэ, баруунтан Баяр, Дамдинсүрэн (хурал удирдалцсан), Навааннамжил, Дамдин (Номхон далайн үйлдвэрчний их хурлын төлөөлөгч) нарын удирдах хүмүүс оролцсон байна. Боловсрол гэгээрэл хэвлэлийн үйлдвэр, сонин сэтгүүл хариуцсан хэвлэлийн зөвлөлийн ажилтан Цүлтэм ажлаа тайлагнажээ.
Монгол орос 2 хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн 2 үүрийн гишүүд, бичигч идэвхтэн, сурвалжлагч, төлөөлөгч 383 хүн хуралд оролцсон аж. Илтгэлд хэвлэлийн зөвлөл нийт сонин сэтгүүлийнхэн Ардын хувьсгалын 10 жилийн ой угтаж, Төмрийн завод шатсныг сэргээх ажилд тэд 2-р гавшгай бригад болон онц идэвхитэй ажиллаж худалдаа үйлдвэрийн яамны хувьсгалын улаан тугаар шагнуулсан зэрэг амжилтын талаар дурьдав. Тэгэвч хийсэн ажил нь 100% хүрээгүй 75%-тай байгаа, 6 сард 6943 цагийн ажлыг ажилчид тасалсан гэхчлэн илтгээд цаашид хийх ажил их байгааг илтгэгч сануулжээ.
Ажилчин, хэвлэлийн үүрийн гишүүн эмэгтэй Жаргал, төлөөлөгч Агваан нарын олон хүн ажилчдын сахилга бат муу, соёл боловсрол дутмаг, дарга нар ажил хийдэггүй зэрэг дутагдал их байдгийг баримтаар шүүмжилжээ.
Хэвлэлийн зөвлөл, сонин сэтгүүлүүд хувьсгалын 10 жилийн ой угтсан ажлыг өргөн сурталчлах, албан хаагчдыг 7 хоногт 42 цаг ажиллуулах, бичиг үсэгт тайлах, сургах, Латин үсэг заах, интернационалын суртлаар хүмүүжүүлэх, ударникийн хөдөлгөөнийг өрнүүлзог гэхчлэн 40 гаруй ажил хийхээр төлөвлөснийг төлөөлөгчдөд сонсгожээ.Монгол хэвлэлийн хорооны дэргэд 40 гаруй суралцагчтай хэвлэлийн ажилчин бэлтгэх сургууль, сонин сурвалжлагчдын бүлгэм байгуулах, сурвалжлан бичих, ханын сонин гаргахыг чухалчлав. Зөвлөлийн санхүүг цэгцлэх, гишүүдийн татвар хураах, шалган байцаах комисс байгуулах, хэвлэлийн зөвлөл, үүрүүдийн тэргүүлэгчдийг сонгох зэрэг ажлууд хийхийг гол асуудал болгон тавилаа.
Бичигч идэвхтэн сурвалжлагчдын идэвх сонирхлыг дэмжин “Улаан гэр ба сурвалжлагч” гэсэн сурвалжлах үнэмлэхийг хэвлэлийн зөвлөлөөс, Навааннамжил, Баяр, Дамдин, Цүлтэм, Доож, Налайхын Ренценсоном, Алтанбулагийн булигаарын заводын Цэндсүрэн, хэвлэлийн үүрийн дарга, хөдөөний төлөөлөгч 20-иод хүнд хурал дээр гардуулжээ.
«Сурвалжлагч Баяр танаа!
Энэхүү үнэмлэхийг шийтгэн олгохын учир гэвээс: хувьсгалын бүхий л ажил явуулгыг ухуулан таниулж, дуран мэт хурц хараагаар харж, нүдээр үзэн улаан гэр, улаан булан, клуб, соёлын довтолгоон, эрдэм соёл, бүхий л хөгжлийн үнэнийг хэвлэлд сурвалжлан бичиж тунгаахыг туйлаас итгэж шийтгэн олгов.
Гэгээрлийн хэлтэс хэвлэлийн зөвлөл» гэсэн үнэмлэхийн энэ үгийг Баяр бичсэнээ сонины ажилтнуудын уулзалт дээр уншин үзүүлж байлаа(1967).
Хэвлэлийн зөвлөл-сэтгүүлчдийн байгууллагыг Цүлтэмд хариуцуулан, Дамдинсүрэн, Дамдин, Симонов, Өлзийт, Баяр … нарыг хурлын тэргүүлэгчид хэвлэлийн зөвлөлийн гишүүдээр томилжээ.
Баяр өндөр боловсролтой бичгийн хүн байв. Ленин клубын зүүн талын 2 давхар жижиг байшингийн зураг төсвийг зохион бариулсан аж(монгол ажилчид, малчдын барьсан анхны 2 давхар барилга). МҮЭ-ийн анхдугаар их хурал 1927 онд тэнд хуралджээ. Тэр үед МҮЭ, соёл боловсрол гэгээрлийн талын асуудал, бичиг үсэгт сургах, улаан гэр, улаан булан, клуб зэргийг хариуцдаг гол байгууллага байсан аж.
Нэр хүндтэй удирдагчид Дамбадорж, Дамдиисүрэн, Лхүмбэ, Баяр (МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга нар байв). Бадрах (тэргүүлэгч гишүүн), Навааннамжил (сэтгүүлийн эрхлэгч) энд ажиллаж байсан билээ. МҮЭ, ард түмнийг бичиг үсэгт сургахад жилд 168088 төгрөг, хэвлэлийн нэг жилийн зардалд 39948 лан 8 пун мөнгө зарж, 3420 улаан гэр, клуб, улаан булан байгуулжээ.
«… Ер нь 30-аад оны үед олон хэвлэл гарч, чадах, чадахгүй бичих хорхойтон ч олширч, хожим нэрд гарсан хүмүүс ч гэсэн цөм л эхлэн бичигч хорхойтон байлаа шүү дээ!
Хэвлэл номын ажлыг Дамбадорж их дэмжинэ. Профинтерный Симонов гэж олон ажил хавсарсан, сургагч, хэвлэлийн талын юм их мэддэг сэтгүүлч байсан. Баярын бариулсан, үйлдвэрчний гэгддэг 2 давхар жижиг байшинд бид конторлон, дандаа залуучууд бид өдөр шөнөгүй ажилладаг байлаа. 100-250 хуудастай, 1000-5000 хувиар гардаг үйлдвэрчний сэтгүүлийг би хариуцан гаргаж байсан. Бүх л материалыг над өгчихөнө.
Би хэвлэл дээр очоод хэлж өгөөд өрүүлчихэнэ. Олон сэтгүүл миний гараар гарсан. Ер нь үйлдвэрчний эвлэлд даргаас нь аваад би их зарагдсан. Хэвлэлийн зөвлөл гэж хэвлэл, сонины ажил эрхэлдэг нэг байгууллага байсан. над дээр их ажил тохно. Тэгтэл тэр үед Алтанбулагийн булигаарын заводын ажилчид ажил хаяж бослого гаргасан юмдаг. Заводаа хаагаад ажилчдаа сал урсгах, луу дан хэмээх хятад ший зангуунд тоглуулах, дэн буудалд ажиллуулан хөлсий нь дарга нар нь ашиглаж байснаас тийм юм болсон юм даг. Намайг үйлдвэрчний даргын хувьд ажилчдын эрх ашгийг хамгаалж, сурвалжлан бичих хэрэгтэй гэсэн тэмцэл, шуугиан гарч ширүүсэх төлөвтэй болсон. Тэгэхээр нь хэвлэлийн үйлдвэр, үүрийн гишүүд, сонин сэтгүүлийн ажилчдаа жагсаан хэдэн унинд улаан даавуу уяж заводын эрх баригчдыг эсэргүүцэн ажилчдын тэмцлийг дэмжсэн “Ажил олго!”, “Даргыг өөрчил!”, “Үйлдвэрийн яам, нам засаг анхаар!” гэсэн лозүн, ухуулга барин засгийн газрыг хэд тойрч баахан хашгираад буцсан.
Үйлдвэрчний эвлэл, хэвлэлийнхэн ийм нэг тэмцэл хийж байсан юм. Энэ маань нэг их сайн юм болоогүй. Хэрэг бишдэж, удалгүй хамтрал коммуны ажлаар намайг Засагт хан аймагт (Говь-Алтай) явуулсан юм. Жагсаал хийсний гай байх. Очоод хийх юм ч олдоогүй. Завшаан болж Говь-Алтайн сүрлэг сайхан уулсыг харж, голын захад уул, тэнгэр харж хэвтэж байхдаа онгод орж “Хоёр цагаан юм” гэдэг зохиолоо дорхон нь бичиж билээ.
Олон залуус, малчид унших гээд гуйгаад байхаар нь гар, бичгийн машинаар хордуулж хувилаад тэдэнд өгдөг байв. Тэгэсхийгээд л ажлаасаа мултарч, хөндийрч уран зохиолоо дагнан хөөцөлдөх болсон доо!»
(Ц.Дамдинсүрэнгийн дурсамжаас)
1913- аас 30-аад оны хооронд Монголд тогтмол хэвлэл үсрэнгүй хөгжиж, хэвлэлийн хур буусан жилүүд байв. Энэ хугацаанд анхны дэвшилт хэвлэл “Шинэ толь” сэтгүүл гарснаас хойш 30-аад жилийн дотор 20 гаруй сонин, сэтгүүл, мэдээллүүд гарсан нь тогтмол хэвлэлийн түүхэнд онцлог үйл явдал болсон юм. Сонин хэвлэлийн хөгжилтийг даган сзтгүүл зүй ч хөгжин шинэ шатанд гарч нийгэмд өөрийн тодорхой байр суурийг эзэлсээр иржээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төрж торнин гар нь ганзганд хүрэхдээ олон арван жилийн он дарааллын түүхэн үнэнийг алтан үсгээр мөнхөлж үлдээсний нэгэн зурвасхан хэсгийг ийнхүү бичлээ.
2009 он
Ч.Алагсай, доктор. Зохиолч сэтгүүлч
Тогтмол хэвлэл, сэтгүүл зүйн хөгжил, сэтгүүлчдийн байгууллага (1913-1931)
Г.Навааннамжил, Ухаалаг, чавдарлаг бичдэг байсан бөгөөд Үнэн сонин ҮЭ-ийн хэвлэлийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Ц.Дамдинсүрэн, ҮЭ-ийн хэвлэлийг санаачлан редакторлан хэвлүүлж байжээ. Тэрбээр МҮЭТЗ-ийн даргаар ажиллаж байсан билээ.

Ш.Лувсанвандан, “Шинэ толь” сэтгүүлд орчуулга хийж, сонин сэтгүүлд өгүүлэл материал бичдэг байв.

Ц.Дамбадорж, Ардын эрх, Үнэн сонины эрхлэгчээр ажиллаж байсан аж.

Х.Пэрлээ, Сонин сэтгүүлд хөдөөнөөс шүлэг, зохиол их бичдэг байсан учраас Х-/хөдөө/ гэсэн овогтой болжээ.

|
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|