|
|
| Монголд бий болох ажлын байранд монгол хүн ажиллах ёстой |

Монголын төмөр замчид “Энержи рессурсс”компани Ухаахудагаас Тавантолгой руу төмөр зам тавих гэж байгаа нь цаанаа улс орны эдийн засаг, ажиллах хүч, ажлын байранд сөрөг нөхцөл бий болгож болох, түүний оронд ямар хувилбар байж болох талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран “Төмөр замын хөгжил” хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Төмөр замын ҮЭХ-ны дарга Л.Мөнхбаяртай ярилцлаа.
-Ухаахудагаас Тавантолгой руу татах төмөр зам яагаад Монголд ашиггүй болох гээд байгааг тайлбарлаач?
-Ухаахудгийн боомтоос Тавантолгой руу нарийн царигийн төмөр зам татна гэж байна. Төмөр замыг Германтай хамтран барина гэсэн яриа бий ч хэрэг дээрээ Хятадуудаар бариулах нь магадлал өндөр байгаа юм. Энэ замаар жилдээ таван сая тонн нүүрс зөөнө гэж байна л даа. Ийм хэмжээний ачаа тээвэрлэхэд 30 гаруй зүтгүүр, 2000 гаруй вагон хэрэгтэй. Манайд ийм замд тохирох зүтгүүр, вагон, ажиллах мэргэжилтэн байхгүй. Уг нь ийм төмөр зам барьснаар монголд 240-300 хүний ажлын байр бий болох юм. Гэхдээ Хятадад ашиглаж байгаа стандартын төмөр замын барьчихвал хятад ажилчид ажиллах нь тодорхой. Уг нь Монголд бий болсон ажлын байранд монгол хүн л ажиллах ёстой.
-Тэгвэл энэ асуудлыг Монголын эдийн засаг, монгол хүнд ашигтай байдлаар хэрхэн шийдэж болох вэ?
-Монгол улс өргөн царигийн төмөр замын сүлжээтэй шүү дээ. Түүнийгээ өргөтгөн Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн царигийн төмөр зам тавьж, Сайншандад нүүрс боловсруулах үйлдвэр барих юм бол Монголын эдийн засаг, монгол ажилчинд л ашигтай. Говь нутагт Тавантолгойгоос гадна олон орд газар ашиглалтад орох гэж байна. Болд-Ерөө компани гэхэд Ерөөгөөс төмрийн хүдэр Хятад руу төмөр замаар зөөж байгаа. Түүнийг Сайншандад боловсруулаад гаргаж болох шүү дээ. Дээр хэлснээр нүүрсээ гадагш нь шууд зөөх юм бол тэр орд хэдхэн жилд дуусаад Хятадын тал замаа хурааж аваад л асуудал цэгцэрчихнэ.
-Өргөн царигийн төмөр зам тавихад ажиллах мэргэжлийн замчид манайд хангалттай байгаа юу?
-Өнөөдөр МТЗ-д 15 мянган хүн ажиллаж байна. ТЗ-ын мэргэжилд дунджаар хоёроос доошгүй жил сурч байж мэргэжилтэй ажилчин, 5-8 жил сурч байж мэргэжилтэн болдог. ТЗДС тусгай дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, баклаврийн зэрэгтэй инженер бэлтгэдэг. Хажууд нь төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв бий. Мөн Сайншандад замчин сургаж эхэлж байгаа. Эдгээр сургууль хангалттай ажиллах хүчин бэлтгэж байна. Энэ бүхэн нарийн төмөр замд ажиллах боломжгүй. Нарийн төмөр замын бүх дүрэм, журам, заавар, стандарт өргөн царигийн төмөр замынхаас өөр.
-Манай төмөр замчдид өөрсдөө замаа барих боломж бий юу?
-Манайхан төмөр зам тавих чадвартай. Техник, хүн хүч цөөн учраас жаахан удаан байх болов уу. Төмөр зам тавих мэргэжилтэн байна. Зам засварын машинт станц гэж зам тавьдаг мэргэжлийн байгууллага бий. Өнгөрсөн зун Монголын төмөр замчид 50 орчим км газар зам тавьсан. Ямар ч улстай хамтраад зам тавьж болно, гагцхүү технологи нь Монголд ашиглагдаж байгаа технологи байх хэрэгтэй. Монгол хүн ажиллах зам тавих хэрэгтэй.
-Төмөр зам санхүүгийн бэрхшээлийг давахын тулд оны эхээр замчдад чөлөө өгсөн, одоо байдал ямар байна вэ?
-Ямар ч байгууллага орон тоогоо цөөрүүлж эдийн засгийн хямралыг туулна гэдэг байж болох асуудал юм. Иймэрхүү байдал зөвхөн Монголын төмөр зам биш олон улсын төмөр замд гарсан. Тэд орон тоогоо цомхотгох, ажлын цагаа богиносгох зэргээр хямралыг давсан. Харин МТЗ орон тоогоо нэг их багасгаагүй. Тэтгэвэрт гарах хүмүүсийг гаргаад, ажилчдаа дотор нь шилжүүлэх, давхар үүрэг гүйцэтгүүлэх замаар 200-гаад орон тоо хэмнэсэн. Цаашдаа төмөр зам техникжээд, шинэ технологи нэвтрээд хүний хүчин зүйл багасаж ирвэл орон тоо багасна. Ийм тохиолдол төмөр замын мэргэжлийн хүн хаана ажиллаж чадах вэ? Замчин, замын засварчин, холбоочин, хөдөлгөөнчин, машинчийн ажил одоогоор төмөр замаас өөр газар алга. Иймд Монгол улс төмөр замынхаа сүлжээг өргөтгөөсэй, кадрууд нь тэнд ажиллаасай гэж боддог.
-Нарийн царигийн төмөр зам хоцрогдсон технологи уу? Хаана, хаана ийм зам ашиглаж байна вэ?
-Хоцрогдсон гэж хэлэхгүй. Өргөн, нарийн гэдэг бол хоёр өөр стандарт гэж ойлгож болно. Хятадууд нарийн царигийн төмөр замтай түүндээ тохирсон дугуйтай зүтгүүр, вагон хэрэглэж байна. Орос, Европын орнууд өргөн төмөр замтай. Нэг улс нэг л стандартын төмөр замтай байхгүй бол хэцүү. Казхастан улс Хятадаас нарийн төмөр зам нэлээд гүнзгий татаж оруулснаа өргөн болгосон. Хятад руу оросууд өргөн төмөр замыг Тянжин хүртэл тавьснаа нарийн болгосон шүү дээ. Яагаад гэвэл нарийн төмөр замаар нарийн дугуйтай галт тэрэг явна. Өргөн рүү шилжүүлэхэд өчнөөн нэмэлт ажиллагаа, түүнд зориулсан байгууламж хэрэгтэй болдог. Улаанбаатар-Бээжингийн галт тэрэгний дугуйг Эрээнд сольдог, урьдаас орж ирж байгаа ачаа барааг шилжүүлэн ачих анги Замын-Үүдэд байгаа. Тэр нь манайд нарийн замаар ирсэн ачааг өргөн зам руу шилжүүлэн ачдаг.
-Он дуусах дөхөж байна. Танай ҮЭХ өнгөрсөн жил хэр үр дүнтэй ажиллав?
-Бид замын захиргаатай хамтын гэрээгээ хоёр жилийн хугацаатай байгуулдаг. Гэрээний дагуу замчдын цалинг энэ оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн 10 хувь нэмлээ. Өнөөдөр манайх шиг цалингаа нэмж байгаа газар байхгүй дээ. Хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудын нэмэгдэл хөлс цагт 40 төгрөг байсныг 60 болголоо. Шөнийн цагийн нэмэдлүүдийг хамтын гэрээнд оруулаад нэмж олгож байна. 2008-2009 оныхоо хамтын гэрээг дүгнэх 2010-2011 оныхоо гэрээнд санал авах ажил явагдаж байна. Ойрын хугацаанд ҮЭ-ийн сонгуультнуудын сургалт, шинэ жилд зориулсан өдөрлөг болно. Төмөр зам бол үйлдвэрлэлийн механикжсан том газар. Энд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа маш чухлаар тавигддаг. Сүүлийн үед төмөр замын хэмжээгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа тааруу байгаа учраас манай ҮЭХ-ны Гүйцэтгэх зөвлөл ирэх сарын дундуур “Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны аюулгүй ажиллагааны тухай” авч хэлэлцэх гэж байна. Энд Аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга сонсгол тавина. Мөн манай хүмүүс хавсарсан сонсгол тавих юм. Төмөр замын ажил байнгын анхаарал шаарддаг, эрсдэлийн ирмэг дээр байдаг. Тэр утгаараар аюулгүй ажиллагаанд анхаарах зүйл их байна. 1990 он хүртэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ҮЭ-ийн байгууллагын мэдэлд байлаа. Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч ҮЭ-ийн бүрэлдэхүүнд байсан. Бид гардан хариуцаж байсан. Одоо бид аюулгүй ажиллагаанд хяналт тавьдаг болсон. Гэхдээ бид хяналт тавьж байна гээд хараад сууж болохгүй өөрийнхөө үйл ажиллагаар орох ёстой ажил. Осол гараад хэн нэг нь гаргүй боллоо гэхэд манай нэг гишүүний амьдрал хэцүүднэ. Манай ажилтан тохигүй орчинд ажиллаж байгаа бол эрүүл мэнд нь хохирно. Иймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ҮЭ-ийн анхаарлын төвд байх асуудал мөн. Бид энэ асуудлыг хэлэлцээд цаашдаа ҮЭ-ийн байгууллага энэ ажилд хэрхэн оролцох чиглэлээ тогтооно.
-Ирэх онд ямар асуудал хамтын хэлэлцээрээр хэрэгжих бол?
-Бид нийгмийн олон асуудлыг хамтыг гэрээгээр шийдсэн байгаа. Гол нь хүрсэн түвшингээ дордуулахгүй. Цалингаа нэмнэ. Төмөр замд 15-аас дээш жил тасралтгүй ажилласан хүний нэг хүүхдийн ТЗДС-ийн төлбөрийн 50 хувийг хөнгөлж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Өөр нэг чухал асуудал бол төмөр замчдад зориулан орон сууц барих асуудал дээр Орос, манай хоёр хамтраад хөрөнгө гаргах тухай яригдаж байгаа. Энэ тухай гэрээндээ бодитой байдлаар тусгана гэж бодож байна.
-Саявтар Япон, Солонгос явсан. Явсан газраар ямар сонин сайхан зүйлтэй учрав?
- Би БГД-ийн ИХ-ын төлөөлөгч юм. Тэр чиглэлээрээ Японд хоёр дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд явсан. Японд амьдралын орчин, соёл, цэцэрлэгжилт, тохижилттой танилцлаа.
Солонгост МҮЭ-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан. Энэ айлчлал маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Солонгос, Монголын ҮЭ-ийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ айлчлалаас ТЗ-ын ҮЭ-ийг санхүүгийн хувьд бэхжихэд Солонгосын ҮЭ туслах боломжтойг олж харлаа. Солонгосын ҮЭ тэмцлийн аргад ихээхэн мэргэжсэн, туршлагатай юм. Нэг онцлог нь Солонгосын ҮЭХ-ийн дарга нарын цалинг тухайн компани нь өгдөг юм байна. Тэдний ҮЭ, төр засаг маш сайн хамтарч ажилладаг. Захиргааны зарим дутуу зүйл, хийгээгүй ажлыг ҮЭ-ийн байгууллага хийдэг, гишүүд ажилчдын гүнд орж ажиллаж чаддаг юм байна. Том том компанийн ажилтай танилцаж явахад ҮЭ-ийн даргадаа цалин өгөх нь зөв, манай ажилчдын төлөө явдаг, манай л хүн хүн гэж байсан. Бид бас Солонгосын хөдөлмөрийн байгууллага, ажил олгогч эздийн байгууллагатай танилцлаа. Солонгосын Засгийн газар гадаадын иргэдийн ажлллах нөхцлийг дэмжих газруудыг дүүрэг бүрт байгуулжээ. Тэд гадаадын иргэдийг орчинд дасгах, хэл, соёл, хөдөлмөрлөх журам дүрэмтэй танилцуулах ажил хийдэг байна. Мөн тэнд хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хүний эрх ашгийг хамгаалж, эзэд цалингаа хэрхэн өгч байна, хөдөлмөрийн нөхцөл ямар байна гэдэг дээр хяналт тавьдаг. Хэрэв ажилчны эрх ашиг хохирсон бол тэмцдэг, болохгүй бол шүүхэд ханддаг байна. Тэр байгууллагынхан хоёр зүйлийг онцлон хэлж байсан. Нэгдүгээрт Солонгост ажил хийж байгаа хүнээ бэлэн мөнгөн дээр байгаа юм шиг санаж мөнгө нэхдэг. Нөгөө хүн нь цалингийхаа 60-70 хувийг явуулаад өөрөө бараг хоолны мөнгөгүй үлддэг. Хоёрдугаарт энд ажил хийж байгаад буцсан хүнийг энд ажиллаж байсан шиг нь ажлын нөхцөл, байр угтдаггүйгээс хичнээн дадлага, туршлагатай байлаа ч ажилгүй болж, хураасан жаахан мөнгөө бардаг. Иймд Монгол улс ажлын байр бий болгох хэрэгтэй гэж байсан. Солонгосын ажил олгогч эздийн байгууллага бас л хүчтэй том байгууллага юм. ҮЭ-тэйгээ хамтарч ажилладаг,бие биендээ тусалдаг. Манайхаар бол гурван талт шиг юм даа. Гурван сая хүнтэй Пусан хотын ҮЭ-ийн ажилтай танилцлаа. Хүний олныг дагаад хүчтэй байдаг юм байна. Нэг сонирхолтой зүйл бол ҮЭ нь ямар нэг асуудлаар тэмцэл явуулахад тэр тэмцлийг дэмжиж байгаа ҮЭ-ийн салбар нэгжийн дарга үсээ авахуулдаг юм байна. Биднийг очиход Пусаны ҮЭ-ийн дарга үсээ багасгасан байна лээ. Энэ мэт сонирхолтой олон зүйлтэй танилцсан.
Ж.Сэлэнгэ |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|